Өвөрхангай аймагт коронавирус илрээгүй учраа сэжигтэй гэж байсан иргэнийг энгийн тасаг руу шилжүүлжээ

Энэ сарын 8-нд Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шинэ коронавирусын сэжигтэй нэг хүн тусгаарлагдсаныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Уг иргэн нь нэгдүгээр сарын 30-нд Шилийн гол аймгаас Эрээн-Замын-Үүд боомтоор дайрч ирсэн бөгөөд эмнэлэгт хандахаасаа өмнө 10 гаруй хүнтэй цуг нэг гэрт Цагаан сарын бууз хийсэн аж.

ДУУДЛАГААР ОЧИЖ ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН ЭМЧ НАР ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРТАЛ ЭЭЛЖ СОЛИХГҮЙГЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА

Энэ сэжигтэй тохиолдлын талаар Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболдтой утсаар холбогдож, тусгаарлагдсан иргэний талаарх мэдээллийг авлаа.

-Өвөрхангай аймагт коронавирусын сэжигтэй тохиолдол илэрсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Сэжигтэй тохиолдол гэж яг юуг хэлээд байгаа юм бэ гэхээр бүсийн оношилгоо эмчилгээ болон бусад эмнэлгүүдэд байгаа өндөр халуурсан мөн уушигны хатгалгаатай хүмүүсийг судалж , уг өвчин гарсан БНХАУ руу ойрын үед зорчсон байна уу гэдэг мэдээллүүдийг авч байгаа. Одоогийн байдлаар тусгаарлаад байгаа иргэний хувьд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат 21 настай. Нэгдүгээр сард БНХАУ-ын Өвөрмонголын Шилийн гол сумын хөдөөний айлд мал маллаж байсан. Нэгдүгээр сарын 27-29-нд Эрээн хотод хоёр хоног байж байгаад, 30-ны өдөр Өвөрхангай аймагт ирсэн. Тиймээс өвчний дэгдэлтийн үеэр БНХАУ-д байж байгаад ирсэн учраас бид сэжигтэй тохиолдол гэж үзэж тусгаарласан байгаа.

-Тухайн иргэний биеийн байдал ямар байгаа вэ?

-Сэжигтэй тохиолдлоос шинжилгээ авч өчигдөр 18.00 цагт ХӨСҮТ явуулсан. Биеийн байдал гайгүй байгаа. Шинжилгээний хариу гартал нийт иргэд тайван байх ёстой.

-Хамт байсан хүмүүсээс ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн үү?

-Хамт байсан хүмүүсийг нь бүгдийг тусгаарлаж хамгаалалтад авсан. Тухайн сэжигтэй тохиолдлыг тусгаарласан байгаа. Эмч нарыг томилоод ажиллаж байна. Аймгийн онцгой комисс хуралдаж, тухайн залуутай хамт амьдарч байсан хүмүүсийг тусгаарлаж, хөл хорио тогтоосон. Тухайн иргэн аймагт ирээд 7-8 хоносон учраас уулзаж байсан хүмүүсийг тогтоож, шинжилгээний хариу гартал тусгаарлах арга хэмжээ авна.

-Хамт байсан иргэдийг хаана тусгаарласан бэ?

-Урьдчилан сэргийлэх чиглэлээр өмнө нь Халдвартын больницод өрөө гаргаад бэлдчихсэн байсан. Мөн эмч сувилагчдыг болон хамгаалах хэрэгслийг бэлтгэсэн байсан. Тэндээ эмчилгээ хийж байгаа. Одоогоор залуугийн биеийн байдал гайгүй байгаа. Шинжилгээний хариу гартал мэдээлэл өгөхгүй гэж бодож байсан. Гэтэл Эрүүл мэндийн яам өчигдөр сэжигтэй тохиолдол илэрлээ гэсэн мэдээлэл тавьсан байсан. Өчигдөр Эрүүл мэндийн яамтай холбогдсон. Шинжилгээний хариу өнөөдөр гарна гэсэн мэдээлэл өгсөн.

-Одоогоор хэчнээн эмч сувилагч ажиллаж байгаа вэ. Аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж байна вэ?

-Шуурхай комисс гараад ажиллаж байгаа. Анх дуудлага аваад хамгаалах хувцас хэрэгсэлтэй очиж шинжилгээ хийсэн эмч нар шинжилгээний хариу гартал ээлж солихгүйгээр ажиллаж байгаа. Мөн ариутгал халдваргүйжилтийг Зооноз өвчин судлалын төв хийж байна. Шинжилгээний хариу гарахаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэсэн мэдээллийг өчигдөр 14.00 цагийн орчимд авсан.

ТУСГААРЛАСАН ИРГЭНИЙГ ЭНГИЙН ТАСАГ РУУ ШИЛЖҮҮЛНЭ

Шинжилгээний хариу өчигдөр орой 18.30 минутын орчим гарсан. Шинжилгээний хариу гарсны дараа Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболдтой дахин холбогдож, шинжилгээний хариу ямар гарсан талаар тодрууллаа.

Шинжилгээний хариу гарсан гэж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Халдварт өвчин судлалын төвөөс холбогдож H3N2 вирус байна гэж хэлсэн. Коронавирус биш гэсэн хариу гарсан байна. Иймээс тусгаарласан иргэнийг энгийн тасаг руу шилжүүлнэ.

-Сэжигтэй иргэний гэрийн орчимд хөл хорио тогтоосон гэсэн. Үүнийг одоо цуцлах уу?

-Шинжилгээний хариу гарчихсан учраас авсан арга хэмжээгээ цуцлаад явна. Энэ асуудлаар хуралдаж байна.

-Хамт байсан хүмүүсийг тусгаарласан гэж байсан. Энэ хүмүүсийг гаргах уу?

- Тусгаарласан хүмүүс гадагшаа яваагүй учраас тухайн иргэний шинжилгээний хариу зүгээр гарсан. Иймээс тусгаарласан хүмүүсийг гайгүй гэж үзнэ дээ.

Эх сурвалж: https://medee.mn/p/144987

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: