Тувад амиа алдсан байлдагчийн ээж Б. Нямсүрэн: Хүүгийнхээ шарилыг эх оронд нь авчирсан

-ТУВА УЛСЫН ЦЭРГИЙНХЭН БАЙЛДАГЧИЙГ ОЛОХ ҮЕД ӨӨРИЙГӨӨ
БУУДАН ХӨНӨӨСӨН-

Увс аймгийн Баруунтуруун суман дахь 0311-р ангид алба хааж байсан 19 настай байлдагч нэгдүгээр сарын 30-ны өдөр Ака маркийн буутай, 50 ширхэг сумтай буугаа үүрэн ахлагчийнхаа моринд ус өгнө хэмээн гарч яваад сураггүй дөрөв хоног болсон. Байлдагчийн мөрөөр эрэн хайх ажиллагааг явуулахад ОХУ- руу гарсан нь тогтоогдож байсан.

Сураггүй дөрвөн хоног байсны эцэст Тува улсын нутаг дэвсгэрээс бууны шархтай олдсон юм. Талийгаач байлдагч 19 настай Ц.Вангансүрэнг хилийн байрнаас үүргээ гүйцэтгэж байгаад оргосон гэсэн мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газраас өгч байв. Харин олон нийтийн дунд түүнийг адуу хайж яваад төөрсөн, цэргийн хатуу дарамт шахалтаас айгаад зугтсан байж болзошгүй хэмээж байлаа. Талийгаачийг Тува улсын хилийн цэрэг цагдаагийнхан хамтран хайж байгаад олох үед өөрийгөө буудан хөнөөсөн байдаг.

Одоогоор хэргийг Тува улсын цагдаагийн газар шалгаж буй бөгөөд шинжилгээнд хамруулсан тухай манай улсад мэдээлсэн аж. Уг шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарах талаар ар гэрийнхэнд нь хэлсэн байгаа юм.

Хил хамгаалах ерөнхий газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн, дэд хурандаа н.Чинзориг анх манай сайтад мэдээлэл өгөхдөө:

-Увс аймгийн Баруунтуруун суман дахь 0311-р ангийн хилийн харуулын үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Ц.Вангансүрэн нь нэгдүгээр сарын 30-ны өдөр морин уналагтайгаар харуулын байрыг орхин цэргийн албанаас оргосон байна. Өглөө 9 цагийн орчимд оргосон. Байлдагч Ц.Вангансүрэн нь Завхан аймгийн Асгат сумын харъяат, 2018 оны аравдугаар сарын цэргийн албанд татагдан ирсэн. Эрлийн явцад байлдагч ОХУ-руу хил давсан болох нь тогтоогдсон. Бидний зүгээс одоогийн байдлаар ОХУ-д мэдэгдэн эрлийн ажиллагааг хамтран зохион байгуулж байна. Эрлийн ажиллагааг ЦЕГ, Увс, Завхан аймаг дахь Хилийн ангиуд хамтран эрлийн ажиллагааг явуулж байна. Ар гэрийнх нь үүрэг гүйцэтгэж байсан газарт нь очсон байгаа гэж байв.

Талийгаач Завхан аймгийн Асгат сумаас цэрэгт татагдаж, тус цэргийн ангид өнгөрөгч оны 10 сараас алба хааж эхэлсэн нэгэн байв. Золгүй явдлын дараа салбарын сайд “Энэ хэрэг Тувагийн нутаг дэвсгэрт болсон учраас ОХУ хариуцна” гэж мэдэгдсэн.

-МИНИЙ ХҮҮ ЦЭРЭГТ ӨӨРИЙН ХҮСЛЭЭР ЯВСАН. ЯАВЧ ОРГОХ ХҮҮХЭД БИШ-

Бид уг хэргийн талаар талийгаач Ц.Вангансүрэнгийн ээж Б.Нямсүрэнтэй болон аав Н.Цэрэнханд нартай утсаар холбогдож тодруулга авснаа хүргэж байна.

-Сайн байна уу. Юуны өмнө таньтай холбогдож асуулт асуух гэж байгаадаа хүлцэл өчиж байна. Талийгаачийг анх оргосон гэх мэдээллийг цэргийн ангийн зүгээс мэдээлж байв уу?

-Сайн байна уу. Анх тус цэргийн ангиас холбогдоод "Танай хүү харуулын байраа орхиод оргосон байна" гэсэн. Дараа нь ахиж залгаад "Танай хүүхэд чинь одоо хүртэл сураггүй байна" гэж хэлсэн. Оргосон талаар нь дуулаад аваад нөхөр бид хоёр хамт очиж, юу болсон талаар тодруулсан юм. Гэтэл "Хүү тань сумтай буу аваад харуулын байраа орхиод оргосон гэж Цэргийн ангийн удирдлагууд хэлсэн. Цэргийн анги дээр хүүгээ ирэх байх гэж хүлээх зуур "Нас барсан" гэсэн мэдээг дуулаад их хүнд байсан. Манайх гурван хүүтэй айл, талийгаач маань манай том хүү байсан. Одоо бидний сэтгэл санаа маш хэцүү байна. Талийгаачийн ажил явдал дуусаад ном уншуулсны дараа хэргийг юу болсон талаар хөөцөлдөж эхэлнэ.

-Хүү тань өөрийн хүслээр цэргийн албанд татагдсан уу?

-Тэгсэн. Өөрийн хүслээр дурлаж цэрэгт явж байлаа. Хүү минь жин, сар нь хүрээгүй байхад гуйсаар байгаад явсан юм. Өөрөө зүтгэж, дурлаж явсан болохоор би хүүгээ хэзээ ч цэргийн албанаас оргохгүй гэж бодож байна. Яг тэр үеэр "Оргосон цэрэг" гээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр баахан гараад байсан. Оргосон гэдгийг нь хэн ч нотлоогүй. Хуулийнхан хэргийг бүрэн шийдэж дуусаагүй байгаа шүү дээ. Шалгаж дуусаад оргосон эсэх бас төөрсөн эсэхийг нь хэлнэ байх гэж хүлээж байгаа.

-Оргосон байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу цэргийн анги дээр очсон гэсэн?

-Хүүтэй минь хамт манаанд гарч байсан зургаан хүүхэд "Өглөө моринд тэжээл өгнө" гээд гарсан гэж хэлсэн. Ахлагч нь "Моринд тэжээл тавьж өгч байхад морио эмээллэж байсан" гэсэн юм. Удалгүй гучаад минутын дараа гарахад алга болсон байсан гэж хэлсэн. Миний хүүг яагаад оргосон, оргодол гэж хэлснийг их гайхаж байна. 11 сарын сүүлчээр тангарагийн баяраар нь бид хоёрыг очиход хөөрхөн сэргэлэн инээсэн хүүхэд байсан. Гэтэл ингээд амиа алдсан гэхээр итгэхгүй байна.

-Амиа алдсан талаар анхны мэдээллийг хэнээс авсан бэ?

-Анги дээр байхад Тува улсаар цэргийн анги руу мэдээлэл ирж, бидэнд хэлсэн. Тувагийн талаас "Өөрийгөө буудаж хороосон" гэж үзсэн гэж байна лээ. Тувагийн талаас задлан шинжилгээний хариуг одоо хүлээж байна. Нэг их удахгүй нэг шийд хэлэх байх гэж горьдож байна. Цэргийн ангиас оршуулгын зардлыг гаргаж өгсөн. Ямар ч байсан бид хоёр хүүгийнхээ шарилыг аваад нутагтаа ирсэн байгаа. Ажил явдал хараахан дуусаагүй байна.

-Ямар нэгэн шарх байсан уу?

-Бууны сумнаас өөр шарх байгаагүй. Монголын талаас хоёр төрлийн шинжилгээ авсан гэж хэлсэн. Ер нь хүн орголоо гэхэд нутаг ус руугаа л явна. Яах гэж юуны төлөө хүний нутаг руу явах вэ. Ингээд бодохоор миний хүүд юу тохиолдож, яагаад ийм байдалд хүрсэн юм бол гээд үргэлж л бодогдоод хэцүү байна.

Талийгаач байлдагчийн аав н.Цэрэнханд хэлэхдээ:

-Бид хүүтэйгээ 12 сарын сүүлчээр нэг удаа ярьсан. "Цэргийн алба гоё байна, хүүдээ санаа зоволтгүй" гэж ээждээ хэлсэн байсан. Тэрнээс хойш яриагүй. Өөр мэдээлэл өгөх боломжгүй байна ном уншуулж байгаа дээрээ хэрүүл маягийн юм ярьмааргүй байна. Хуулийнхан л бүх үнэнийг мэдэж байгаа. Тэр хариуг л хүлээнэ. Манай эхнэрийн сэтгэл санаа маш хэцүү байгаа. Тува улсдаа задланд оруулчихсан. Одоо ямар хариу ирэх юм байгаа юм бүү мэд. Удахгүй нэг тийш шийдэгдэнэ. Бид нарт нарийн сайн мэдээлэл байхгүй, ирээгүй байгаа гэлээ.

Эх сурвалж: https://medee.mn/single/132734

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: