“Халтуурчдаа” дэмжсэн бол зөвшөөрөлтэйг нь ч бас дэмжье

Такси үйлчилгээний салбарт сүүлийн үед нэлээд өөрчлөлт гарлаа. Энэ сарын 1-нээс эхлэн албан ёсны зөвшөөрөлтэй таксины эхний нэг километрийн үнэ 1500 төгрөг түүнээс хойших нь 1000 төгрөг болсон. Мөн Авто тээврийн тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгэжилт, “Такси үйлчилгээ Ерөнхий шаардлага” MNS 5122:2013 стандартын мөрдөлтөд хяналт тавьж, хууль бусаар такси үйлчилгээ эрхлэгчдийг илрүүлэн 100 мянган төгрөгөөр торгох ажлыг эхлүүлээд байсан юм.

Энэ ажлыг Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн тээврийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо хамтран хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд хувиараа такси үйлчилгээ эрхлэгч зургаан иргэнийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн 14.6-гийн дагуу тус бүр 100 мянган төгрөгөөр торгон нэг аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоосон байна.

Таксины жолоочид дээрэмдүүлж, эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирох тохиолдол тасралтгүй гарч, иргэдэд найдвартай такси үйлчилгээ үгүйлэгддэг. Гэвч албан ёсны зөвшөөрөлтэй таксины тоо жил ирэх бүр цөөрч, үйл ажиллагаа нь хумигдсаар байна. Тухайлбал, 2015 онд Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй такси үйлчилгээ эрхлэгч 17 аж ахуйн нэгж байсан бол одоо есөн аж ахуйн нэгжийн 527 таски нийслэлийн иргэдэд үйлчилж байгаа юм. Нөгөө талдаа албан ёсны зөвшөөрөлтэй такси үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүд нь тоо бага эсвэл хол ойроос шалтгаалаад ихэнхдээ гадаадын жуулчид, дуудлага өгсөн иргэдэд үйлчилдэг гэх гомдлыг иргэдээс ирүүлдэг. Муухай дээрээ улцан гэгчээр зөвшөөрөлтэйнүүд нь иргэдэд ялгавартай ханддаг энэ хандлагыг өөрчлөхийн тулд таксиныхаа тоог нэмэгдүүлэх шаардлага тулгамдаад байгаа юм.

Судалгаанаас харахад хувиараа такси эрхлэгч буюу “халтуурчид” нийслэлд 30-40 мянга байдаг аж.  Өөрөөр хэлбэл, албан ёсны зөвшөөрөлтэй таксинаас 10 дахин их хувийн такси иргэдэд үйлчилж байна гэж хэлж болно. Дэлхийн жишигт 1000 хүн тутамд 3-4 такси ногдвол эрэлт хэрэгцээг бүрэн хангана гэж үздэг байна. Харин Улаанбаатарын 2500 иргэнд албан ёсны зөвшөөрөлтэй нэг такси ногдож байгаа юм. Тиймээс албан ёсны зөвшөөрөлтэй такси үйлчилгээг дэмжих, хөгжүүлэх бодлого шаардлагатай байна.

Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс, таксиныхаа тоог нэмэгдүүлж яагаад болдоггүй талаар албан ёсны зөвшөөрөлтэйгөөр такси үйлчилгээ эрхлэгч компаниудаас асуухаар “Санхүүжилт хэрэгтэй байна. Биднийг дэмжсэн бодлого шаардлагатай байна” гэдэг.

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: