"Газар хөдлөлтийн чичэрхийлэл хүчтэй мэдрэгдсэн аймаг, сумдаас хохирол учирсан талаар мэдээлэл ирээгүй"

Админ
2021/09/08

Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг багийн Харанхуй гэх газар Есдүгээр сарын 8-ны 00:50 цагт таван магнитудын хүчтэй газар хөдлалт боллоо. 

Тус газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод 3-4 баллын хүчтэй мэдрэгдсэн бөгөөд одоогийн байдлаар нийслэлд газар хөдлөлтөөс үүдэлтэй хохирлын дуудлага бүртгэгдээгүйг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Хонгор хэлэв.

3-4 баллын газар хөдлөлт нь хүнд мэдрэгдэх боломжтой бөгөөд зургаан баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай гэнэ. Баллын хэмжээ 10-аас хэтэрвэл барилга байгууламжууд нурах аюултай гэж үздэг.
Өнгөрсөн шөнө болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотоос гадна Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн төв болон зарим суманд хүчтэй мэдрэгджээ.

Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн мэдээгээр "Улаанбаатар хот болон Булган аймгийн Баяннуур, Булган, Бүрэгхангай, Дашинчилэн сум, Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сум, Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө, Зүүнбүрэн, Орхон, Мандал, Жавхлант, Сайхан, Сант, Цагааннуур, Хушаат, Хүдэр, Хөтөл, Шаамар сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай, Баянчандмань, Батсүмбэр, Баянцогт, Борнуур, Заамар, Зуунмод, Жаргалант, Лүн, Өндөрширээт, Сэргэлэн, Сүмбэр, Угтаалцайдам, Цээл, Эрдэнэ сумдын иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн бөгөөд учирсан хохирлын талаар мэдээлэл ирээгүй" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна