МҮЭХ: Иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай байна

Админ
2021/09/08

Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв дараах мэдээллийг өглөө.

Тэрээр “Засгийн газрын 43-р тогтоолтой холбоотойгоор авто замчдын ХАБ-ын зардлаас нь танаж, хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлийг олгохгүй байна. Авто замын салбарынхан маш хортой нөхцөлд ажилладаг.

Сүүлийн үед Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн хороо, Зам, тээвэр хөгжлийн яам ажлаа хийхгүй байна. Авто замын салбар хятад компаниар дүүрч, үндэсний компаниуд ажилгүй болсон. Хятад компаниуд монгол компанийг туслан гүйцэтгэгчээр авчхаад мөнгийг нь өгөхгүй дампууруулж байна. Замын салбарын бүх компани хаалгаа барьж байна. Хятад компаниуд ихэвчлэн ажиллаж байна.

Засгийн газраас санхүүжилтээ өгдөггүй хэрнээ хэмнэлт хийхийг шаардаж байна. Дөрөвдүгээр сараас авто замын салбарынхан цалингүй шахам байсан.

Төрийн өмчийн хороо, Зам, тээвэр хөгжлийн яаманд албан бичиг хүргүүлэхээр хариу ирэхээ больсон” гэв. Түүнчлэн  тэрээр яриандаа засгийн газрын түвшинд зардлыг танах биш, цалин нэмэхгүй ч боломжоороо ажиллах нөхцөлийг хүмүүст олго. Хятадуудыг авто замын ажилд ажиллуулахаа болих хэрэгтэй гэдгийг тодотгосон юм.   

МҮЭХ: Цар тахалтай холбоотойгоор бензин, өргөн хэрэглээний үнэ нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхийн тулд тодорхой асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Мөн иргэдэд тавих татвар, шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, үнийг нэмэхгүй байхад дорвитой арга хэмжээ авахыг сануулж байна.

 Цар тахлын улмаас боловсрол, эрүүл мэндийн салбар орон тооны хомсдолд орох, ажлын цаг, ачаалал нэмэгдэх, цалин хөлс буурах зэрэг хүндрэл гарч байгааг МҮЭ-ийн холбооноос эсэргүүцэн хэвлэлийн бага хурал хийж байна.

Тэд Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 43 дугаар тогтоолд төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх гэж оруулсанд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна