ҮАБЗ-ийн гишүүд улс төр, эдийн засгийн тогтвортой бодлогоор хангаж ажиллахаа бизнесийнхэнд амлалаа

Админ
2021/09/13

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор "Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь" сэдэвт төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ. 

Уг арга хэмжээнд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, санал солилцож байна. Уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.

Тэрээр "Юуны өмнө цар тахлын үед ажлын байраа хадгалж ирсэн хувийн хэвшил, бизнесийнхэн, ажил олгогч нартаа талархлаа. Цар тахлын дараа нийгэм, эдийн засаг урд өмнөх шигээ үргэлжлэхгүй гэдэг нь тодорхой байна. Шинэ сэргэлтэд төр хувийн хэвшлийн түншлэл хамгийн чухал байна. Төрийн хүнд суртлыг арилгаж, бүх шатанд хариуцлагатай ажиллах шаардлагатай. Том төслүүдийг эрчимжүүлэх, макро эдийн засгийн тогтвортой орчныг бүрдүүлэхэд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байна. Төр ажил олгогч, баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчдаа дэмжиж, эрсдэлийг нь хамтарч шийдвэрлэхийн төлөө ажиллах ёстой. Иймд бизнесийнхний саналыг сонсох, тулгамдаж буй асуудлаа хамтран шийдээд, цаашаа явна. Энэ уулзалтаас гарсан санал зөвлөмжийг төрийн бодлогын бичиг баримтад тусгахыг Ерөнхийлөгчийн хувьд чиглэл болгож байна" гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Энэ цаг үеийн нөхцөл байдал болон цаашид УИХ дээр хэлэлцэхээр төлөвлөж байгаа бодлогын бичиг баримтын талаар мэдээлэл өгье. Эдийн засгийн өсөлтийн төсөөлөл 3-4 хувь руу орох эрсдэл байна. Гадаад валютын албан нөөц 500 сая ам.доллараар буурлаа. Экспорт буурч, төлбөрийн тэнцэл алдагдалтай байна. Хэдий түүхий эдийн үнэ өсч байгаа ч тээврийн асуудал тулгарлаа.

Нөхцөл байдал амаргүй байгаа ч боломжийг бодит ажил болгох түүхэн цаг үе ирээд байна. УИХ эрхзүй, нийгмийн, эдийн засгийн шинэчлэлийг хийх зорилт тавьсан. Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж эрх зүйн шинэчлэлийг эхлүүлсэн. Одоо энэ эгзэгтэй нөхцөлд эдийн засгийн шинэчлэлийг эхлүүлэх түүхэн үе ирлээ гэж харж байна. Цаашдаа Эдийн засгийн хөгжлийн яам байгуулж ажиллана. Мөн УИХ дээр хэлэлцэхээр хүлээгдэж байгаа хөрөнгө оруулалт бизнесийг дэмжих, эдийн засгийн шинэ сэргэлтийг дэмжих хуулийн төслүүд бий. Эдгээр төсөлд хувийн хэвшил, салбар бүрийн саналыг тусгах хүрээнд мэргэжлийн холбоодтой нь хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 2022 оны улсын төсөв хэлэлцэхийн өмнө, намрын чуулганаас өмнө төр хувийн хэвшлийнхэн асуудлаа нэг цонхоор харж байгаа анхны уулзалт болж байна. 

Цар тахал, эдийн засаг хоёрын аль нэгийг нэн түрүүнд авч үзэх боломжгүй, хамтад нь анхаарч ажиллах шаардлагатай. Цар тахалд анхаараад эдийн засгаа орхиж болохгүй эгзэгтэй нөхцөлд бид ажиллаж, амьдарч байна. Манай улс дэлхийн бусад улстай харьцуулахад вакцинжуулалтаараа зургаан сараар тэргүүлж байна. Энэ үзүүлэлтээ бид эдийн засагтаа ашигтайгаар ашиглаж, эдийн засгийн сэргэлтээрээ тэргүүлэх боломж гэж харж байна.  Улс төрийн болон макро эдиийн засгийн тогтвортой байдлыг хангахын төлөө ажиллана, ийм нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ҮАБЗ-ийн гурван гишүүн нэг зүгт харж, тогтвортой бодлоготой ажиллана гэдгээ бизнесийнхэндээ хэлмээр байна. Томоохон төслүүдийг гацаадаг төр байж болохгүй, өмнөх алдаатай бодлогыг давтахгүй. Болж бүтэж байгаа бүх цаг үеийн залгамж бодлогыг хэрэгжүүлж ажиллана.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна