Хэнтий аймгийн нөхөн сонгуульд өрсөлдөх хоёр хүнийг нэмж бүртгэлээ

Админ
2021/09/17

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт буюу Хэнтий аймагт явагдах нөхөн сонгуульд Иргэний зориг ногоон намаас нэр дэвшүүлсэн А.Бархүү, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас нэр дэвшүүлсэн Д.Баатаржав нарын дахин бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэн үнэмлэх олгохоор болов.

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг ирүүлэх, мөн өдрөөс өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх боломжтой. Энэ хугацаанд 2 нэр дэвшигч дахин бүртгүүлэхээр Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох баримт бичгээ ирүүлснийг тус Хороо 2021 оны есдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэжээ.

Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд оролцох 8 нам, 1 эвслийн 12 нэр дэвшигч, бие даан нэрээ дэвшүүлсэн 2 нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн. Харин 3 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаад байсан юм.

Ийнхүү Монгол Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нийт 16 нэр дэвшигч бүртгүүллээ. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг 2021 оны есдүгээр сарын 18-ны өдөр гардуулах бөгөөд нэр дэвшигчийн үнэмлэх олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ.

Нэр дэвшигчид:

18 дугаар тойрог /Хэнтий аймаг/

  1. Монгол ардын намаас Цагаанхүүгийн ИДЭРБАТ
  2. Ардчилсан намаас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР
  3. Иргэний зориг ногоон намаас Алтанхуягийн БАРХҮҮ
  4. Ард түмний олонхийн засаглал намаас Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ
  5. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Дамбадондогийн БААТАРЖАВ
  6. Бие даан нэр дэвшигч Магнайбаярын ЧИНГИСХААН

28 дугаар тойрог /Сонгинохайрхан дүүрэг/

  1. Монгол ардын намаас Энхбаярын БАТШУГАР
  2. Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ
  3. Иргэний зориг ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА
  4. "Зөв хүн Электорат эвсэл"-ээс Бадрахын НАЙДАЛАА
  5. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ
  6. Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР
  7. Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ
  8. Ард түмний олонхийн засаглал намаас Алтанцэцэгийн БАТДОРЖ
  9. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА
  10.  Бие даан нэр дэвшигч Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ

Эх сурвалж: СЕХ 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна