Номын баяраар нээлтээ хийсэн, заавал худалдаж авах ДОЛООН ном

Админ
2021/09/17

Жилд хоёр удаа зохион байгуулагддаг Үндэсний номын баяр намрын асраа Сүхбаатарын талбай дээр дэлгээд байна. Энэ намар шинэ номын хур буусан. Хэвлэлийн газрууд, зохиолчид удаан дарсан үүцээ дэлгэсэн гэлтэй.

Сүхбаатарын талбайгаар дайрч, номын асруудаар зочлохоор төлөвлөж буй уншигчдадаа шинэ, шинэлэг долоон ном санал болгоё.

1, 2, 3, 4: “Тагтаа”-гийн үүц

“Тагтаа” хэвлэлийн газар гурван шинэ ном, нэг шинэ сэтгүүлтэй номын баярт  оролцож байна. Чанар, сонголт,  агуулгын хувьд цоо шинэ, оюун санааны эрх чөлөө эдлүүлэх тул долоон номынхоо дөрвийг нь “Тагтаа”-гаас санал болгож байна.

Өмнө нь “Амьдрахуй”, “Цусаа худалдсан тэмдэглэл” зэрэг романуудыг хятад хэлнээс чадамгай орчуулсан залуу орчуулагч, яруу найрагч М.Батбаяр энэ удаа хүүрнэл зохиолд хөл тавьсан нь “Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн”. Тэр хэд хэдэн шүлгийн түүвэр хэвлүүлж байсан ч үргэлжилсэн үгээр туурвисан нь энэ, анхных. Хэлбэр, агуулгын хувьд шинэ байх нь дамжиггүй.

Хоёрт, БНСУ-ын зохиолч Ким Ионгхагийн “Эх орон чинь дуудаж байна” роман. Түүний “Хүн бүр уран бүтээлч байя” TedX-ийн илтгэл нь алдартай. Маш чадварлаг, орчин үеийн уран зохиолыг өнгөлөгч нэгэн билээ. Манайд түүний “Надад өөрийгөө егүүтгэх эрх бий” зохиол нь “Би өөрөө шийдсэн” нэрээр хэвлэгдэж байсан удаатай. Мөн нэг өгүүллэг нь “Дур булаам” шилдэг өгүүллэгийн анталогид багтсан байдаг. Сайхан сонголт.

Гуравт, “Тагтаа” утга зохиолын сэтгүүл. Яг утга зохиолын чиглэлээр дагнасан улирал тутмын сэтгүүл уншигчдад хүрч эхэлж буй нь энэ. Эхний дугаар 300 нүүр болсон гэсэн. “Тагтаа” утга зохиолын салбартаа чадварлаг мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлсэн хамт олон тул сэтгүүлийн чанар, чансаанд шууд итгэж буй.

Сүүлд нь, яруу найрагч Ц.Дэлгэрмаагийн “Намур” шүлгийн түүврийг санал болгож байна. Тэр маш олон жилийн дараа яруу найргийн ном гаргалаа. Шүлгүүд нь өнөө хэр цээжээр уншигддаг тэр хэсэгтээ чимээ имээгүй суусан. Харин сая нэг шүлгийн түүврээ эмхлэн гаргана гэдэг уран бүтээлчийн хувьд зол баяр билээ.

5: Д.Галсансүхийн эргэн ирэлт

Орчин үеийн яруу найргийн эцэг ч гэгддэг, хаан ч гэгддэг яруу найрагч Д.Галсансүхийн цоо шинэ улаан, хар ном. Тэр осолд ч орж, орон шоронд ч сууж, хувь хүнийхээ ертөнцөд амьдралын нэгэн шинэ хуудсуудыг хурдтай эргүүлсэн.

Үүнийхээ дараа гаргаж буй учраас олны анхаарлыг эрхгүй татаж байгаа юм. Уг нь тэр овгоо Б гэж тавьдаг байсан ч энэ удаа Д болгосон нь хачирхалтай. Оюун санаанд  тань цоо шинэ амт байх нь дамжиггүй.

6, 7: “Анд”-ын хоёр “бялуу”

Зах зээлд шинээр орон зайгаа бүрдүүлж эхлээд байгаа “Анд” хэвлэлийн газар хоёр сонирхолтой бүтээлийг эрхлэн гаргаж байна.

Их хувь заяат хүмүүн С.Удвал авхайн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “ХОВОР ХҮН” түүвэр зохиолын дээжис. С.Удвал авхайн “Ховор хүн” туужаар нэрлэгдсэн эл номд түүний шүлэг яруу найраг, өгүүллэг тууж, жүжгийн зохиолууд багтсан аж.

Мөн тун чиг этгээд Ц.Бадамжавын 12 жил бичсэн шинэхэн роман “МОДОН САХАЛТ” мэндэлжээ. “Бадамжавын шинэ роман гарах гэнэ” гэсэн яриа гарснаас эхлэн бүтэн арван хоёр жил уншигчдыг хүлээлгэсэн бүтээл гэхэд хилсдэхгүй.

Эх сурвалж: https://eguur.mn/245984/



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна