Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

Админ
2021/09/21

АНУ-ын Нью Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байна.

Тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррештэй өнөөдөр уулзалт хийлээ. Уулзалтын үеэр яригдсан асуудлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "Энэ жил Монгол Улс НҮБ-д элссэний 60, Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байна. Ирэх жилд Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсоны 20 жилийн ой тохионо. Энэ ойн хүрээнд Ерөнхийлөгчийн хувиар Монгол Улсад айлчлахыг урилаа. Үүнээс гадна тодорхой хоёр асуудлыг тавьсан.

Нэгдүгээрт, хүмүүнлэгийн чиглэлээр Буянт-Ухаад Монгол Улсад хүмүүнлэгийн агуулах, нийлүүлэлтийн логистикийн төв барих асуудлыг тавьж, дэмжлэг үзүүлэхийг НҮБ-ын зүгээс хүсэлт болголоо. Үүнийг нааштай хүлээн авч байна.

Хоёрдугаарт, НҮБ-ын бүх системийн байгууллагын үйл ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцдогийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш дахин нотолж, талархлаа илэрхийлэн, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжсөөр байгааг цохон тэмдэглэсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-д оролцоогоо нэмэгдүүлэх, бэхжүүлэхийг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ хүрээнд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд биечлэн оролцож байна. Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч цахимаар оролцож байсан.

Тэрбээр өмнө нь Ерөнхий сайд байх үедээ оролцсоноос хойш дөрвөн жилийн дараа Ерөнхийлөгчийн түвшинд оролцож байгаагаараа ач холбогдолтой.

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой тохиож байгаа. Энэ ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ НҮБ-тай хамтарч ажиллах чиглэл болон тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр, бүс нутгийн хэмжээнд туршлагаасаа хуваалцах, "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогыг НҮБ-ын тогтвортой хөгжлийн бодлогод суурилж гаргаснаа хэлсэн. 

А.Гутерреш: Байгаа механизмуудаа дээд зэргээр ашигласнаар цар тахал болон байгалийн гамшгийг  даван туулна

Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд Монгол Улсад НҮБ дэмжлэг үзүүлнэ, ойрын хугацаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улсад айлчлах талаар ажиллана гэдгээ илэрхийлсэн" тухай мэдээллийг өглөө.

КОВИД-19-өөс хойших эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн даван туулах талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга "Улс орнууд илүү сайн ойлголцож, бие биеэ дэмжиж, хамтарч ажиллахгүй бол наад захын хүндрэл бэрхшээлд бүдрэх юм байна гэдэг сургамжийг өнгөрсөн хоёр жилд авсан. Тиймээс тодорхой ажлуудыг ярьж, дэлгэрэнгүй санал солилцон, байгаа механизмуудаа дээд зэргээр ашигласнаар цар тахал болон байгалийн гамшгийг  даван туулах ёстой" гэсэн байр суурийг илэрхийлжээ. 

НҮБ-ын Ассамблейн 76 дугаар чуулганаар КОВАКС хөтөлбөрийг нэмэгдүүлэх, вакцин болон вирусийн асуудлыг улстөржүүлэхгүй байх, хүмүүнлэгийн чиглэлээр илүү сайн хамтарч ажиллах, эдийн засгийн хамтын ажиллагааг харилцан ашигтай байхад суурилуулах, хүний эрхийг хамгаалах НҮБ-ын үндсэн зарчимд анхаарлаа хандуулж, давтан сануулж байгааг тэрбээр тодотголоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна