Хуримтлагдсан торгуулиа аравдугаар сарын 1-нээс өмнө төлбөл 50 хувь хөнгөлнө

Админ
2021/09/22

Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, энэ оны долдугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн билээ. Тус хуулийн дагуу зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэхээр болсон. Ингэхдээ иргэдийн автомашины торгуулийг нэг 50 хувь хөнгөлөх бөгөөд аравдугаар сарын 1-нээс өмнө багтаж төлөхөөр хугацаа заасан.  Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн зөрчил, бүртгэлийн хэлтсийн дарга Ш.Гантөмөрөөс тодрууллаа.

Тэрээр “Замын хяналтын камер ашиглан илрүүлж, хуулийн хүрээнд баталгаажуулсан 2017 оны долдугаар сарын 1-нээс энэ оны зургадугаар сарын 24-ний 00.00 цагаас өмнө гаргасан зөрчлийг иргэд аравдугаар сарын 1-ээс өмнө 50 хувийг төлбөл хөнгөлөлтөд хамруулах юм. Хэрэв энэ хугацаанд төлөөгүй бол таны торгуулийн төлбөр хэвэндээ байх юм.

Одоогийн байдлаар 8000 орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний зөрчилтэй байна. Зөрчилтэй иргэд бэлэн бус торгууль шалгах цахим систем буюу www.torguuli.police.gov.mn, www.smartcar.mn зэрэг цахим сайтад өөрийн торгуулийн дүн хэмжээг харах боломжтой. Торгуулийн төлбөрийг 50 хувиар хөнгөлсөн дүнг оруулсан.

Жил бүр торгуулийн төлбөрөө төлөхгүй яваад байдаг хүмүүс байгаа учраас энэ асуудлыг зөрчлийн намрын чуулганаар боловсронгуй болгож зохицуулах байх. Одоогоор Хууль зүй, дотоод хэргийн яаманд зөрчлийн хуулийн ажлын хэсэг байгуулагдан энэ асуудлыг зохицуулахаар явж байгаа.

Цаашдаа  замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулийн зөрчлийг заасан хоногт төлж байгаа иргэдийн торгуулийг 50 хувь хөнгөлөх болон заасан хугацаанд торгуулиа төлдөггүй иргэдийг албадаж төлүүлэх маягаар арга хэмжээ авах хэрэгтэй. Ингэж арга хэмжээ авахгүй бол замын хөдөлгөөний зөрчлийн асуудал зогсохгүй. Жолооч нарын гаргаж байгаа дийлэнхи зөрчил, торгуульд хурд хэтрүүлэх болон чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр зорчсон зэрэг асуудал байдаг.

Жолооч нартаа хандаж хэлэхэд дээрх өршөөлийн хуулийн хэрэгжилт дуусахаас өмнө амжиж эрхээ эдлээрэй” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна