Нийт шүүгчийн чуулган эхэллээ

Админ
2021/10/11

Монгол Улсын Нийт шүүгчийн анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Нийт шүүгчийн чуулганыг 2021 оны аравдугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулахаар, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт чуулганыг биечлэн зохион байгуулж болохоор заасан. Хуулийн дагуу хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүгчид чуулганд биечлэн оролцож байна.

Анхдугаар чуулган эхлээд даргалагчаа сонгож, Нийт шүүгчийн чуулганы хуралдааны дэгийн төслийг хэлэлцэн батална.  

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороо­ны шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонгох бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүний 5 орон тоонд 16 шүүгч, Сахилгын хорооны шүүгч гишүүний 4 орон тоонд 10 шүүгч нэрээ дэвшүүлээд байна.

Чуулганаар мөн Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг хэлэлцэн баталж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн тайланг сонсох юм.

Нийт шүүгчийн чуулган шүүх эрх мэдлийн байгууллагын өөрөө удирдах дээд тогтолцоо бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүдийг шүүгчид дотроосоо шууд бие даан сонгосноор Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу шүүх өөрийн удирдлага, хариуцлагадаа дэвшил гаргах, шүүхийн бие даасан байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.

НИЙТ ШҮҮГЧИЙН ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна