ХУУЛИЙН ТӨСӨЛ: Улс хоорондын ачаа тээврийн хэрэгслийг аливаа төрлийн зөвшөөрөлтэй байхыг шаардахгүй

Админ
2021/10/18

Засгийн газар 2021 оны есдүгээр сарын 15-ны хуралдаанаараа Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихаар болсон. Сангийн сайд Б.Жавхлангийн танилцуулснаар хуулийн төсөлд санал авах ажил үргэлжилж байгаа бөгөөд одоогоор 530 гаруй саналыг төр, хувийн хэвшлийн байгууллагуудаас ирүүлээд байгаа аж. 

Энэхүү хуулийн гол зорилго нь эдийн засгийг эрчимтэй сэргээх бөгөөд дараах харилцааг зохицуулахаар тусгажээ. Үүнд:

  • төрийн үйл ажиллагааг шуурхай болгох;
  • дотоодын үйлдвэрлэл, экспортыг дэмжих;
  • аялал жуулчлалыг дэмжих;
  • санхүү, хөрөнгийн зах зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх;
  • төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах;
  • орон нутгийн хөгжлийг дэмжих;
  • татварын бодлогоор улсын эдийн засгийг дэмжих;
  • төрийн болон бусад байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ;
  • хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага, хуулийн үйлчлэх хугацаа, хууль хүчин төгөлдөр болох, шилжилтийн зохицуулалтыг хийнэ.

Хуулийн төслөөс төрийн үйл ажиллагааг шуурхай болгох талаарх зохицуулалтаас онцлох заалтуудыг хүргэе. 

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ШУУРХАЙ БОЛГОХ

  • Улсын бүртгэлийн байгууллага нь улсын бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор шийдвэрлэж, энэ тухай өргөдөл гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
  • Тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор шийдвэрлэж, тусгай зөвшөөрөл олгох эсэхийг өргөдөл гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
  • Хугацаатай олгодог тусгай зөвшөөрлийг 5 жил, зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно.
  • Тусгай зөвшөөрөл, зөвшөөрлийн хугацааг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг үндэслэн 3 хоногийн дотор олгосон эрх бүхий байгууллага тухайн нөхцөлөөр сунгах эсэхийг шийдвэрлэнэ.
  • Хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл, зөвшөөрлийг бусдад шилжүүлж болох бөгөөд тусгай зөвшөөрөл шилжүүлэх хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шилжүүлэх эсэхийг шийдвэрлэж цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
  • Тусгай зөвшөөрөл олгох, сунгах, шилжүүлэх хүсэлтийг энэ хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй бол буруутай албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно.
  • Эрх бүхий этгээд иргэн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрхийг олгох үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй, шуурхай байх зарчмыг баримталж, тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл хүссэн хүсэлтийг хүлээн авах, олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгоход цахим системийг ашиглана.
  • Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь цахимаар тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохицуулах журамтай байж болно.
  • Дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт, мэргэжлийн шалгалтын үндсэн дээр болон уул уурхай, банк, санхүү, үндэсний төлбөрийн систем, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбарт олгох тусгай зөвшөөрөл, зөвшөөрөлд дээрх зохицуулалт бүхий журам үйлчлэхгүй.
  • Улс хоорондын ачаа тээвэрлэлт эрхлэхтэй холбогдуулан тээврийн хэрэгслийг аливаа төрлийн тусгай зөвшөөрөл, зөвшөөрөлтэй байхыг шаардахгүй.
  • Улсын хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааны хэвийн байдлыг Засгийн газар хариуцан зохион байгуулна.
  • Монгол Улсын нэгдэн орсон гэрээгээр болон хүлээн авагч улс шаардсанаас бусад тохиолдолд бараа бүтээгдэхүүнийг экспортлоход мэргэжлийн хяналтын байгууллагаас аливаа төрлийн дүгнэлт, зөвшөөрөл, баталгаа авсан байхыг шаардахгүй.
  • Монгол Улсын нэгдэн орсон гэрээгээр болон хүлээн авагч улсаас экспортын бараа бүтээгдэхүүнд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, зөвшөөрөл, эсхүл баталгаа авахыг шаардсан тохиолдолд экспортлогчийн хүсэлтийг мэргэжлийн хяналтын байгууллага ажлын 3 хоногийн дотор шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ.
  • Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, сунгах, шилжүүлэхэд орон нутгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал, дүгнэлт авахыг шаардахгүй.
  • Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгэж, тодорхойлолт олгох эсэх асуудлыг эрх бүхий этгээд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6.2-т заасан баримт бичгийг үндэслэн ажлын 2 өдрийн дотор шийдвэрлэнэ.
  • Эрх бүхий этгээдийг бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгэж, тодорхойлолт олгохдоо дээр зааснаас бусад баримт бичиг шаардахыг хориглоно.
  • Энэ хуулийн үйлчлэх хугацаанд Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан хяналт шалгалтыг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хэрэглэгч гомдол гаргаснаас бусад тохиолдолд зөвхөн төлөвлөгөөт хяналт шалгалт, эсхүл гүйцэтгэлийн шалгалт хийнэ.
  • Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь үйл ажиллагааг нь шууд зогсоохоос бусад төрлийн зөрчилд тэргүүн ээлжинд албан шаардлага хүргүүлнэ.
  • Хил, гаалиар оруулж байгаа бараа, бүтээгдэхүүнд зайлшгүй шаардлагатай тохиолдолд дээж, сорьц авах бөгөөд дээж, сорьцын дээд хэмжээг Засгийн газар тогтооно.
  • Төрийн байгууллага хоорондоо болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай харилцахдаа төрийн мэдээлэл солилцооны дундын системийг ашиглана.

Энэхүү төслийг УИХ-аар хэлэлцэн батлах явцад өөрчлөлт орох боломжтой бөгөөд хуулийг хэрэгжих хугацааг гурван жил буюу 2024 оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болгохоор төсөлд тусгажээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна